Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газар нь Төв Азийн тал нутаг, Сибирийн тайгатай зэрэгцэн Монгол орны хойд хэсэгт байгалийн үзэсгэлэнт төрхийг хадгалан оршдог. Хөвсгөл нуурын эргээр нүүдэлчин овог аймгууд олон зууны турш мал сүргийн хамт уламжлалт ахуй амьдралын хэв маягийг хадгалан, өвсний шим, усны тунгалагийг бараадан амьдарсаар иржээ.

Хөвсгөл нуур орчмын байгалийн үзэсгэлэн цогцлон бүрдсэн нийт 838,000 га газрыг 1992 онд Байгалийн Цогцолборт Газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 2011 онд Үүр голын дээд хэсгийг тусгай хамгаалалтанд нэмж оруулснаар нийт талбайн хэмжээ 1,180,270 га болж өргөжсөн. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг чиглэсэн гадаадын болон дотоодын аялагчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд цаашид улам ихсэх нь дамжиггүй юм. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед Хөвсгөл нуур, түүний онгон байгалийг үзэн баясаж, таньж мэдэх нь аялагчдын хувьд ховор тохиол билээ. Хамгаалалтын захиргааны ажиллагсад, нутгийн ард иргэд болон бусад хүмүүс үзэсгэлэнт сайхан байгалиа өнөө болон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хичээнгүйлэн ажилладаг билээ.

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн эртний бөгөөд үзэсгэлэнт нууруудын нэг. Олон мянган жилийн тэртээгээс нүүдэлчин овог аймгууд  “Хөх Сувд”-ны үзэсгэлэнг бишрэн шүтсээр иржээ. Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөнтэй, 260 орчим метр гүн бөгөөд Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг. Дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай. Нуураас зөвхөн Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлэн дэлхийн хамгийн гүн нуурын нэг Байгаль нуурт цутгадаг.

Хөвсгөл нуур нь хүйтний улирал эхлэхэд хөлдөж, олон сар мөсөн бүрхүүлтэй байх бөгөөд дээхэн үед нуурын мөсөн дээгүүр Хатгал тосгон ба ОХУ-ын хил орчмын суурин газруудын хооронд тээврийн хэрэгсэлээр бараа материал тээвэрлэж байсан. Өнөө үед нуурыг бохирдохоос хамгаалах үүднээс мөсөн дээрх тээвэрлэлтийг бүрэн зогсоосон болно.